Хүннү

2011-05-12,
 Уугуул нутаг ба хүчирхэгжилтийн үеийн газар нутаг хэмээн хуваадаг

МЭӨ 209 онд Модун Шаньюй өөрийн 24 аймгаа нэгтгэн Хүннү улсыг үндэслэн байгуулав. Хүннү бол Төв Азийн түүхнээ байгуулагдсан нүүдэлчдийн анхны төр улс бөгөөд тэдний газар нутаг өргөн уудам, зах хязгааргүй мэт үргэлжлэх хэдий ч түүхчид түүхэн үечлэлийн дагуу уугуул нутаг ба хүчирхэгжилтийн үеийн газар нутаг хэмээн хувааж үздэг. МЭӨ 215 онд Цингийн их цэргийн хүчинд шахагдан Ордос нутгаас гарах хүртэлх хугацаанд оршиж байсан нутгийг уугуул нутаг гэж тодорхойлдог.

Хүннү нарын эхэн үедээ нутаглаж байсан өмнө тал нь одоогийн Өвөр Монголын Их зуу аймаг Ордос, Ин Шань уул буюу одоогийн Далан Хар уулын баруун салбар уулс, төв нутаг нь Орхон, Туул, Сэлэнгэ голын сав, умард тал нь Өвөр Байгалийн бүсийг хамааруулан авч үзнэ. Харин дорнод тал нь Монгол Улсын Сүхбаатар, Дорнод аймгийн зүүн өмнөд, Өвөр Монголын Шилийн голын аймгийн нутгаар хязгаарлагдаж байлаа.

Модун Шаньюй МЭӨ 209 онд Дунху нарыг, МЭӨ 204 онд Хуньюй, Кюсше, Гегунь, Киргиз, Динлин аймгуудыг бут цохин, урьд Хятадад алдсан Ордос нутгаа эргүүлэн авсан цаг хугацаанаас хүчирхэгжилтийн үеийн газар нутаг хэмээн авч үздэг. Хүннү нарын өмнөд хил нь МЭӨ 198 онд Хан улстай байгуулсан гэрээний дагуу Цагаан хэрмийн дагуу Ляодун мужаас эхлэн зүүн тийш одоогийн Ганьсу мужийн Ланьчжоу хот хүртэл үргэлжлээд улмаар Нань Шань уулыг дамнан Тэнгэр уул хүртэл байжээ. Умард хил хязгаар нь Эрчис мөрнөөс эхлэн Оросын Алтайн умард бэл, зүүн баруун Саяны нурууны ар бэлээр дамнан улмаар Ангар, Ока голын бэлчир хүрч зүүн тийш Лена, Витим голуудын эхийг хамран Шилка, Хар мөрний бэлчир хүрч байв.

Хүннү нарын өрнө болон дорно этгээдийн хил нь Дунху ба Баруун газрын улс аймгуудыг эзэмшилдээ аван Дорно хил нь Хар мөрөн, Шилка голын бэлчирээс урагшлан Их Хянганы нурууны зүүн биеэр Нон, Сунгари мөрний бэлчирт тулан улмаар өмнө зүг Хан улсын Ляодун муж хүрч байжээ. Өрнө этгээдэд Тэнгэр уулаас хойшлон Ил Тарвагатайн нуруу, Эмээл голын хөндийгөөр Эрчис мөрөнд тулж байсан байна.

Анхны хилийн цэрэг ба хил хамгаалалтын албаны үндэс тавигдав


Монгол нутагт Хүннү нар анхны хилийн цэрэг ба хил хамгаалалтын албаны үндэс суурийг тавьсан хэмээн судлаачид үздэг. Тэд Дорнод Ху ба Хятадын Хан улстай хиллэх нутгийнхаа дагуу харуул суулгаж байжээ. Эдгээр хилийн дээс, харуулаа “оуто” хэмээдэг байснаас гадна хил хязгаар хариуцсан ван цолтныг “оуто ван” хэмээн нэрлэдэг байжээ. Мөн хожуу Хан улсын сударт Хүннү нар газар нутгийнхаа зургийг үйлдэж, түүнийгээ нууцлан хадгалдаг тухай мэдээ байдаг нь тэд газар нутгийнхаа хил хязгаарыг сахин хамгаалах, газар орны зургийг тодорхой хэмжээнд үйлддэг байсны нэгэн гэрч билээ.

Хүннү нарын гадаад хил хязгаарын асуудлаас гадна дотоодын газар өмчлөл, газрын харилцааны асуудал сонирхол татдаг. Хүннүгийн аж ахуй, эдийн засаг нийгмийн байгууллын үндэс суурь нь бэлчээрийн газар, мал сүрэг байсан юм. Төр улс бий болохоос өмнө аймаг овог тус бүрийн газар нутаг, бэлчээр ус нь мөнхүү аймаг овог тус бүрийн эзэмшлийн байдалтай эдлэгдэн хэрэглэгдэж байжээ. Газар бэлчээр дээр хувийн өмч байтугай хувийн эзэмшил ч гэж байсангүй. Харин овгийн байгуулал задарч, эцгийн эрхт том гэр бүлүүд бий болохын хэрээр айл өрх тус бүр нэг хэсэг бэлчээрийг улирлын байдлаар сэлгэн хэрэглэж байжээ.

Төр улс байгуулагдсаны дараа улсын бүх дэвсгэр нутаг, бэлчээр ус нь улсын өмчийн байдалтай болсон боловч зөвхөн төр засаг юм уу, шаньюй хааны бүрэн мэдлийн өмч болсонгүй. Эцсийн эцэст бас л нийт аймаг овгуудын дундын нийтлэг өмч эзэмшил болж байв. Газар нутаг бэлчээр ус нь цөм тийнхүү бүх нийтийн өмч эзэмшлийн шинж чанартай байсан учир төр, засаг, түүний тэргүүн Шаньюй ч дур мэдэн гадаад, дотоодын хэн нэгэнд худалдах, бэлэглэх, бүрмөсөн өмчлөн авахыг зөвшөөрөх эрхгүй байсан юм. Шаньюй тэргүүтэй төр, засаг нь дэвсгэр нутаг, бэлчээр усыг төр улсын үндэс суурь хэмээн үзэж, голт зүрх, нүдний цөцгий мэт нандигнан хамгаалж байв.

“Монголын түүх бол Хятадтай хийсэн тэмцлийн түүх”


Хүннү нар тойрон хүрээлсэн суурьшмал төрт улс болон нүүдэлчин овог аймгуудтай гадаад харилцааны олон хэлбэрээр харилцаж байжээ. Ялангуяа өмнөд хөрш Хан улстай хийсэн урт хугацааны сөргөлдөөн нь заримдаа дэлхийн түүхэнд урьд өмнө бараг гарч байгаагүй дипломат түвшинд асуудлыг шийдэж байсныг түүхэн сурвалжуудаас бэлхнээ харж болно. Энэ нь хожмын нүүдэлчдийн төрт улсуудад сургамж болон үлдсэн юм. Үүнийг түүхчид “Монголын түүх бол Хятадтай хийсэн тэмцлийн түүх” хэмээн үнэн зөвөөр тодорхойлсон нь бий.

МЭӨ III зууны эцсээр Төв Азид Хүннү улс хэмээх нүүдэлчдийн хүчирхэг эзэнт гүрэн бий болоход Хятадад баруун Хан улс хэмээх суурьшмал соёл иргэншилт бас нэгэн хүчирхэг эзэнт гүрэн үүсч, өвөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэх болсон юм. Баруун Хан улс газар нутаг ихтэй, хүн ам олонтой, эдийн засаг соёлын хувьд тухайн үедээ харьцангуй ихээхэн өндөр хөгжилтэй улс гүрэн байжээ. Хүннүгийн Шаньюй Хятадын талд хандан хүннү, хятад иргэд шууд худалдаа арилжаа хийж байх хилийн худалдааны боомт нээлгэх хүсэлт гаргасан боловч Хан улсын зүгээс хилийн зах нээхийг зөвшөөрдөггүй байв.

Иймээс газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагын улмаас Хүннү нар Хятад болон Зүүн, Баруун Туркестаны зүгт дайн дажин хийхэд хүрдэг байжээ. Хятад, Дорнод Туркестан, Согд, Тохар, Бактри, Иран, Грек, Ромын эзэнт гүрэн зэрэг дорно, өрнийг холбосон олон улсын худалдааны торгоны их замын дундуур хэсгийг эрхшээл нөлөөндөө байлгах явдал Хүннү гүрэнд улс төр, цэрэг стратегийн төдийгүй худалдаа-эдийн засаг, амьдрал ахуйн чухал ач холбогдолтой байсан юм.

Тийм учраас торгоны их зам дайрч өнгөрдөг байсан Дорнод Туркестан дахь Тэнгэр уулын ар, өврийн улс аймгууд ялангуяа тэр уулын арыг үндсэндээ эзэлсэн Их Юэчжи аймгуудыг өөрийн мэдэлд байлгахыг Хүннүгийн шаньюй ихэд чухалчилж байжээ. Модун Шаньюйд цохигдсон Юэчжи нарын нэг хэсэг буюу бага Юэчжи нар нь Наньшань ууландаа үлдэж, Хүннүгийн захиргаанд байсан боловч их Юэчжи нар Хүннүгийн эсрэг тэмцсээр байжээ.

Хүннүгийн гадаад харилцааг судалсаар байна Хүннү нарын хэдэн зууны туршид олон улсын тавцанд хийж байсан гадаад харилцааны ул мөр өнөөгийн Хүннүгийн археологийн судалгаанд цөөнгүй тохиолддог билээ. Үүнд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Мангасын хүрээ хэмээх хотын туриас олдсон Хангийн шавар сав суулганы хагархай, холховч нумын эд анги, төмөр шилбэтэй хүрэл зэв, Ноён уул, Гол модны Хүннүгийн язгууртны булшнаас гарсан хятад бичигтэй лакан аяга, шүхэрт сүйх тэрэг, хаш, хас чулуун зүүлт, хүрэл толь зэрэг эд өлгийн зүйлс нь өмнөд хөршийн соёлтой шууд холбоотой юм. Үүнтэй зэрэгцэн Ноён уул, Гол модны язгууртны булшнаас гарсан хүрэл чимэглэл, Булган аймгийн Эгийн гол, Дундговь аймгийн Бага газрын чулууны хүннү булшнаас гарсан чулуун зүүлт зэрэг олон тоотой олдворууд нь өрнө дахины гаралтай эд өлгийн зүйлс мөн болохыг судлаачид хэдийнэ тогтоожээ.
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

heregtei medelel bna bayrla
бичсэн Зочин цаг: 14:06, 2011-10-10 | Холбоос | |
heregtei medelel bn shu
ярзайтал инээх
бичсэн sundui (зочин) цаг: 17:07, 2011-06-06 | Холбоос | |



:-)
 
xaax